Гепатит А
Гепатит А вирусээс үүдэн элэгний үйл ажиллагаа алдагдаж үрэвсдэг халдварт өвчин юм.
Таван төрлийн гепатитын халдвар байдаг бөгөөд бүгд өөр өөр шалтгаанаар үүсгэгддэг. Эдгээр халдваруудаас гепатит А вирус нь хамгийн хөнөөл багатай нь юм. Уг вирусийн халдвар нь элэгний үйл ажиллагааг алдагдуулж, үрэвсүүлэх боловч эмийн эмчилгээ хийлгэх шаардлагагүйгээр эдгэрэх боломжтой. Гэвч вирусийн халдвар авч өвчилсөн хүмүүсийн 20% нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага гардаг.
Шалтгаан
Гепатит А нь халдварын шалтгаантай, вирусээр бохирлогдсон хоол хүнс, усаар дамжин биед орж, элэгний эд эсэд байрлан үрэвсүүлдэг. Улмаар элэгний үйл ажиллагаа алдагдан өвчний шинж тэмдгүүд үүсдэг.
Халдварлах замууд
- Халдвартай хүний бохир гараар дамжсан хоол хүнс, бусад ахуйн зүйлсийг хэрэглэх
- Бохирдож халдварлагдсан ус уух
- Бохир ус цутгадаг нуур цөөрөм, голд сэлэх, бохирдсон усны түүхий загас идэх
- Вирус тээгчээс халдвар авах (өөрт нь ямар нэг зовуурь илрэхгүй байгаа халдвартай хүн)
- Вирусийн халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох.
Мөн доорх нөхцөлүүд өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнд:
- Гепатит А вирусийн халдварын өвчлөл өндөртэй бүсэд ажиллах, аялах
- Хүүхэд харах, хүүхэдтэй байнга харьцдаг ажил эрхлэх
- Ижил хүйстэн эрчүүд
- ХДХВ-н халдвартай бол
- Бүлэгнэлтийн факторын эмгэгтэй бол (жишээ нь: Гемофили)
- Хууль бус эм тариа, хар тамхины тарилга хэрэглэх
- Өвчилсөн хүнтэй хамт амьдрах
Шинж тэмдэг
Гепатит А-н үед хэдэн долоо хоногоор ч шинж тэмдэг, зовиур илрэхгүй байж болдог. Ялангуяа 6-аас бага насны хүүхдүүдэд шинж тэмдэг илрэхгүй байх нь түгээмэл. Халдвар авсан үед дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
- Ядарч сульдах
- Дотор муухайрч бөөлжих
- Хэвлийгээр өвдөх, зовиурлах (баруун хавирганы нуман доогуур)
- Өтгөн цайвар шаварлаг болох
- Хоолны дуршил буурах
- Бага хэмтэй халуурах
- Шээсний өнгө харлах
- Үе мөчөөр өвдөх
- Нүд болон арьс салст шарлах
- Суулгах
Хүндрэл
Гепатит А-н халдвар нь урт хугацаанд элгийг гэмтээдэггүй, мөн архаг хэлбэрт шилждэггүй онцлогтой. Цөөн тохиолдолд гэнэтийн элэгний цочмог дутагдал үүсдэг. Энэ нь ихэвчлэн өндөр настай эсвэл элэгний архаг хууч өвчтэй хүмүүст тохиолддог ба заавал эмчилгээ хийлгэн хяналтад орох шаардлагатай. Элэгний цочмог дутагдал нь элэг шилжүүлэн суулгахад хүргэх аюултай.
Урьдчилан сэргийлэлт
- Ахуйн болон бэлгийн ариун цэврийн дэглэм сахих
- Гараа тогтмол угааж хэвших
- Буцалгаагүй түүхий ус уухгүй байх
- Бохирдсон эд зүйлсийг буцалгах, ууранд жигнэх, 1% хлорамины уусмалаар ариутгах
- Хувийн аяга, халбага хэрэглэх
- Вакцин хийлгэх. Вакциныг 2 тунгаар хийх ба эхний тунгаас 6 сарын дараа хоёр дох тунг хийдэг. 1 нас 2 сартай бүх хүүхдүүдэд, эсвэл 1 нас 2 сартайд вакцинд хамрагдаагүй бүх хүүхдүүдэд вакцин хийдэг.
Мөн лабораторийн бүх ажилчид, ижил хүйстэн залуучууд, элэгний архаг өвчтэй, бүлэгнэлтийн факторын эмгэгтэй хүмүүс болон өндөр эрсдэлтэй бүс нутгаар аялж, ажиллах хүмүүс вакцин хийлгэх боломжтой.
Эмчилгээ
А вирус харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчлүүлдэг учраас бие махбод вирусийг өөрөө устгаж чаддаг. Вирусээс шалтгаалж элгэнд үүссэн гэмтлүүд хагас жилийн дотор бүрэн эдгэрдэг.
Гепатит А вирусийн үед хийгдэх гол эмчилгээ нь шинж тэмдгийн эсрэг чиглэсэн байдаг.
Дараах арга хэмжээнүүд авах шаардлагатай. Үүнд:
- Амралт: Элэгний үрэвслийн үед маш их энерги алдаж ядарч сульдах байдал илэрдэг тул сайн амрах хэрэгтэй. Хэвтрийн дэглэм сахих нь тун чухал.
- Дотор муухайралтыг намдаах: Хүнсний нэр төрлийг олшруулан хэрэглэх хэрэгтэй. Нэг дор их хэмжээгээр идэхгүйгээр, ойр ойрхон илчлэг өндөртэй хоол бага хэмжээгээр идэх, усны оронд сүү, жүүс зэргийг уух нь үр дүнтэй.
- Элгийг амраах: Элэг өвчилсөн үедээ эм болон алкоголийн төрлийн бодис шүүхдээ муу болдог. Тиймээс өөрийн хэрэглэдэг эм болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар эмчтэй ярилцаж хэрэглэх.
- Бие зассан бол гараа заавал угааж хэвших
- Идэж буй хоол хүнсний зүйлээ бусадтай хувааж, дамжуулж идэхгүй байх хэрэгтэй.