Уушгины сүрьеэ
Уушгины сүрьеэ нь агаар дуслын замаар халдварладаг, уушгийг гэмтээх нөлөө үзүүлдэг халдварт өвчин юм. Сүрьеэгийн халдвар нь нянгаар үүсгэгдэх бөгөөд нян үржих хамгийн тохиромжтой биеийн хэсэг бол уушги байдаг.
Сүрьеэгийн идэвхитэй нян нь эмчилгээний явцад устаж үгүй болдог бол, идэвхигүй хэлбэрийн нян нь үлдэх магадлалтай байдаг. Тиймээс удаан хугацааны антибиотик эмчилгээг заавал хийдэг.
Шинж тэмдэг
Хэдийгээр хүний биед сүрьеэгийн бактери оршин байж болох боловч хүний дархлааны систем нь идэвхижихээс сэргийлж байх боломжтой. Тиймээс сүрьеэг дараах байдлаар ангилна.
Саармаг
Сүрьеэгийн халдвар авсан боловч тодорхой шинж тэмдэг ажиглагдахгүй, идэвхигүй хэлбэртэй байх тохиолдол юм. Саармаг хэлбэрийн сүрьеэ нь халдваргүй.
Идэвхитэй
Сүрьеэгийн халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа эсвэл олон жилийн дараа ч нян идэвхижиж болдог. Идэвхижсэн сүрьеэ нь халдвартай байна. Энэ үед:
- 3 болон түүнээс дээш долоо хоногийн хугацаанд ханиалгах
- Цустай ханиалгах
- Цээж өвдөх, амьсгалж ханиалгахад өвдөлт мэдрэгдэх
- Ядрах
- Халуурах
- Шөнө ихээр хөлрөх
- Бие чичрэх
- Хоолны дуршил муудахзэрэг шинж тэмдэг ажиглагддаг.
Мөн сүрьеэ нь бөөр, нуруу, тархи зэрэг биеийн бусад хэсгүүдийг гэмтээх магадлалтай. Уушгинаас бусад эрхтнүүдийг гэмтээсэн бол шинж тэмдгүүд нь өөр байж болно. Жишээ нь: нурууг гэмтээсэн бол нуруу өвдөх, бөөрийг гэмтээсэн бол цустай шээх зэрэг ажиглагддаг.
Нөлөөлөх хүчин зүйлс
Дараах нөхцөлүүд нь энэ өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.
- Дархлааны систем суларсан бол
- ХДХВ, Чихрийн шижин, бөөрний өвчин, хорт хавдар, химийн эмчилгээ хийлгэж байгаа, хэрх өвчин, тэжээлийн дутагдалтай байх зэрэг
- Африк, Зүүн европын орнууд, Ази, Орос, Латин Америк зэргээр аялах
- Тамхи татдаг байх
- Хүчтэй эм их хэмжээгээр хэрэглэдэг байх
Хүндрэлүүд
Идэвхтэй сүрьеэгийн үед эмчилгээ хийлгэхгүй бол уушгинаас бусад эрхтнүүдийг гэмтээж, амь насанд аюултай нөхцөл үүснэ. Үүнд:
Нурууг гэмтээх – Нуруугаар хөшиж өвдөх, сууж босч чадахаа болих
Үе мөчийг гэмтээх – Үе үрэвсэж, хөл өвдгөөр өвдөх
Тархийг гэмтээх – Менингит болж удаан хугацаагаар толгой өвдөх
Элэг, бөөрийг гэмтээх – Элэг болон бөөрний цус цэвэршүүлэх чадвар муудах
Зүрхийг гэмтээх – Зүрхийг үрэвсүүлэн, үнхэлцэг хальсанд шингэн хурахад хүргэнэ.
Оношилгоо
Эмч чагнуураар, амьсгалах үед уушгийг сонсож үзнэ. Мөн арьсны шинжилгээ, цусны шинжилгээний тусламжтайгаар уушгины сүрьеэг оношилдог. Хэрэв сүрьеэ туссан гэж үзвэл рентген зураг болон компьютер томографийн шинжилгээ хийлгэн дотор эрхтний гэмтлийг ажиглана.
Эмчилгээ
Сүрьеэгийн халдвар идэвхижсэн үеэс мэргэжлийн эмчийн заавраар 3-6 сарын хугацаанд тасралтгүй антибиотик хэрэглэх бөгөөд бусад эмэн эмчилгээтэй хавсарч болно. Сүрьеэгийн үед уух эмнүүд нь маш хүчтэй байдаг туд элгийг гэмтээх аюултай. Мөн дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах, арьс нүд шарлах, шээсний өнгө бараан болох, шалтгаангүйгээр халуурах зэрэг эмийн гаж нөлөө ажиглагдаж болно.
Эм ууж эхэлснээс хэдэн долоо хоногийн дараагаар сүрьеэгийн шинж тэмдгүүд дарагдаж, биеийн байдал дээрдэх боловч эмэн эмчилгээ заавал заасан хугацаанд ууж дуусгаарай. Сүрьеэгийн халдварыг бүрэн дарахгүй бол улам хүндрэх, эм үйлчлэхгүй болох зэрэг асуудлууд тулгарч болно.