Чихрийн шижин ба хооллолт
Нойр булчирхай нь хүний идсэн хоол хүнснээс өөх, чихрийг шүүн авч задалдаг инсулин гэх даавар ялгаруулна. Харин ходоодонд орсон хоол хүнс нь сахар буюу глюкоз болж задрах бөгөөд тэдгээрийн цусан дахь хэмжээг инсулин даавар тэнцвэржүүлэх үүрэгтэй байдаг. Инсулин даавар ялгарахгүй аль эсвэл шаардлагатай хэмжээнд хүрэхгүй, өвчтөний биед нөлөө үзүүлэхгүйгээс үүдэж цусан дахь глюкозын хэмжээ харьцангуй их болохыг чихрийн шижин өвчин гэж үзнэ.
Чихрийн шижин өвчин 2 хэлбэрт хуваагдана
- 1-р хэлбэрийн чихрийн шижин. Инсулин ялгаруулах бета эсүүд дархлааны тогтолцооноос үүдэж устсан тохиолдолд үүсэх бөгөөд гол төлөв 20-оос доош насныханд ажиглагдана. Энэ тохиолдолд цусан дахь сахарын хэмжээг тогтвортой барихын тулд инсулин тариулах шаардлагатай. Хэдий цусан дахь сахарын хэмжээ их байгаа ч эсүүд хангалттай глюкоз авч чадалгүй өвчтөний бие сульдах, өлсөх зэрэг мэдрэмжээс болж нүүрс усны хэрэглээ нэмэгдэж таргалалтад хүргэх бөгөөд энэ нь байдлыг улам бүр дордуулдаг байна.
- 2-р хэлбэрийн чихрийн шижин. Энэ нь элбэг тохиолдох хэлбэр бөгөөд 1-р хэлбэрийн чихрийн шижингээс ялгаатай нь нойр булчирхай инсулин даавар ялгаруулна. Гэвч ялгарч буй инсулин шаардлагатай хэмжээнд хүрэхгүй, биед нөлөө үзүүлэхгүй бөгөөд глюкоз эсүүдэд хүрч үүргээ гүйцэтгэж чаддаггүй байна.
- Жирэмсний үеийн чихрийн шижин. Хүүхэд тээх үед ялгарах даавар нь инсулин дааврыг хааснаар цусан дахь сахарын хэмжээ нэмэгддэг. Ихэвчлэн төрсний дараагаар эргээд хэвийн байдалдаа ордог байна.
Чихрийн шижин өвчний гол асуудал бол цусан дахь сахарын хэмжээ их ч эсүүд нүүрс усаар дутагдах явдал юм. Инсулин ба цусан дахь сахарын хэмжээний огцом өөрчлөлт, мөн нойр булчирхайн ачааллыг бууруулахын тулд хоол хүнсний хэрэглээг хязгаарлах шаардлага бий болно. Иймд чихрийн шижин эмгэгээр өвчилсөн тохиолдолд хоолны тусгай дэглэм сахивал зохистой бөгөөд эдгээрийн давуу болон сул тал, идэх/идэхгүй хүнсний жагсаалт, хоол зүйч нарын зөвлөх дэглэмийн цэсийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
Чихрийн шижин өвчний хоолны дэглэмийн сул талууд
Хамгийн том сул тал бол хүнсний хязгаарлалт юм. Хэрэглээнээсээ олон тооны бүтээгдэхүүнийг хасаж, бэлтгэх аргыг аль болох эрүүл байлгах нь зарим хүмүүст амтгүй бөгөөд сонирхолгүй санагдах талтай. Нүүрс усыг жигд хэмжээгээр авахын тулд тогтмол бага багаар хооллох шаардлага бий болох ба энэ нь өөрт тохирсон хоолны цэсийг олоход хүндрэл бий болгодог байна.
Хүнд хэлбэрийн чихрийн шижин өвчний үед хүнсний бүтээгдэхүүн бүрийн гликемийн индекс (цусан дахь чихрийн задралыг бүтээгдэхүүний нийт жинтэй харьцуулсан харьцаа)-ийг хянах хэрэгтэй. Цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр чихэрлэг амтыг бий болгохын тулд стевиа ханд, эритрол зэрэг байгалийн гаралтай чихэр орлуулагчийг (фруктоз) хэрэглэж болно. Хэдий фруктоз нь сахарозоос эрүүлд тооцогддог ч эдгээр нь мөн л адил цусан дахь ч сахарын хэмжээнд болон таргалалтад нөлөөлнө гэдгийг бодож үзэх хэрэгтэй.
Чихрийн шижин өвчний үед хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний хүснэгт
Орчин үеийн эмчилгээний аргууд нь хоолны дэглэм дэх нүүрс усны ачааллыг 5-7% хүртэл бууруулах, ургамлын гаралтай өөх тосны хэрэглээг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулна. Эдгээрийн үр дүнд бие нь олон төрлийн нүүрс усны хэрэглээгүйгээр ашигтай микро, макро элементүүдийг авах бөгөөд инсулин бэлдмэлийн хэрэглээг бууруулдаг байна. Мэдээжийн хэрэг, 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үед инсулиныг хэрэглээг бүрэн зогсоох боломжгүй хэдий ч 2-р хэлбэрийн чихрийн шижингийн хөгжлийг зогсоож, эдгээх боломжтой юм.
Өдөрт хэрэглэвэл зохистой нүүрс усны хэмжээг өвчний зэрэг, өвчтөний жингээс хамаарч мэргэжлийн эмч тохируулдаг.
Өмнө нь чихрийн шижингийн өвчтөнүүдэд шингэц сайтай, хурдан шингэх нүүрс усыг хэрэглээнээсээ бүрэн хасахыг зөвлөдөг байсан. Гэвч өнөөдөр ДЭМБ хүний амьдралын чанарыг тэргүүн эгнээнд тавьж байгаа тул эмч нар хатуу хоолны дэглэм, чихэрлэг зүйлийн хэрэглээг бүрэн хориглох арга барилаас аажмаар татгалзаж байна. Судалгаанаас үзэхэд эдгээр хязгаарлалт нь илүү стресст өртөмтгий болгох, цаашлаад сэтгэл гутралд хүргэх эрсдэлтэй ажээ. Нүүрс үс нь хүний биеийн энергийн эх үүсвэр болдог макро элемент юм. Харин глюкоз нь нүүрс усны мономер нэгдэл. Та эдгээрийг уураг, өөх тосны хэрэглээгээр орлуулж чадахгүй.
Чихрийн шижин өвчний үеийн хоолны дэглэмийн зохицуулалт нь хүнсний гликемийн индекс дээр үндэслэгддэг. Энгийнээр тайлбарлахад, энэ нь хоол хүнсэнд агуулагдах сахар цус руу шингэх хурдыг тусгана гэсэн үг юм. Шингээлтийн хурд удаан байх тусам нойр булчирхай ачааллыг даван туулахад хялбар байдаг. Өндөр ГИ (гликемийн индекс)-тэй бүтээгдэхүүн – чанамал, жигнэмэг, бялуу зэрэг нь шингэх чадвар өндөр байдаг. Бага ГИ-тэй бүтээгдэхүүнд нь үр тариа, жимс зэрэг багтана. Иймд ГИ нь 55 хүртэлх хоол хүнс аажмаар задарч, цусан дахь сахарын хэмжээг бараг л нэмэгдүүлдэггүй байна.
Хоолны дэглэмийн гол зорилго нь өдрийн туршид ГИ багатай хоол хүнсийг илүү их хэмжээгээр тодорхой цагийн давтамжтай хувааж хэрэглэхэд оршино.
Цагаан талх, хар талх аль аль нь нүүрс ус юм. Алийг нь идсэн ч цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх бөгөөд ялгаа нь зөвхөн шингэх хурдад байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Цагаан талх арай их, хар талх арай бага шингэх хурдтай тул чихрийн шижин өвчтэй хүмүүс хүрэн талхыг илүүд үздэг хэмээн эндокринологчид (дотоод шүүрлийн тогтолцооны эмч) тайлбарлаж байна.
Юу идэж болох вэ?
Дулааны боловсруулалт нь хоол хүнсний ГИ-ийг ихэсгэдэг. Иймд түүхийгээр болон хагас боловсруулах боломжтой хүнсийг дулааны боловсруулалт хийлгүйгээр хэрэглэхийг зөвлөж байна.
Хүнсний төрөл | Хүнс |
Жимс | Гүйлс, бэрсүүт жүрж, жүрж, алим, чацаргана, интоор, үхрийн нүд, цангис, тоор, /хязгаарлагдмал хэмжээгээр/, улаалзгана, чавга |
Ногоо | Өргөст хэмх, брокколи, ногоон вандуй, цэцэгт байцаа, салат навч, ногоон чинжүү, мөөг, хулуу |
Сүүн бүтээгдэхүүн | Тослог багатай сүү, аарц, исгэсэн сүүн бүтээгдэхүүн, тослогийн хувь багатай бяслаг |
Үр тариа | Шар буурцаг, вандуй, сэвэг зарам, сагаган, овьёос, сувдан арвай, цөөн тохиолдолд гоймон |
Мах, загас | Өөхгүй үхрийн мах, цацагт хяруул, тахиа, туулай, цагаан загасны мах |
Чихэрлэг хүнс | Зөвхөн чихрийн шижингийн үед зориулсан тусгай хүнс, маш хязгаарлагдмал хэмжээнд |
Шингэн хүнс | Элсэн чихэргүй цай, кофе, компот, ургамлын гаралтай цай |
Гурилан бүтээгдэхүүн | Бүхэл үр тарианы талх, боов |
Бусад | Өндөг, ургамлын тос |
Юу идэж болохгүй вэ?
Дээр дурдсанчлан эмч нар “энийг идэж болохгүй” гэх хязгаарлалтаас аажмаар татгалзаж буй. 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үед та бараг бүхий л хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно, гэвч та талхны нэгжийг (хоол хүнсэн дэх нүүрс усны хэмжээг ойролцоогоор тооцоход ашиглах хэмжүүр) тооцож, инсулин тариулах шаардлагатай. Түүнчлэн хоолны дэглэм эмчилгээний чухал хэсгийг бүрдүүлдэг 2-р хэлбэрийн чихрийн шижингийн үед ч та хоол хүнсний өргөн сонголтыг бүрдүүлж болох боловч хурдан шингэх нүүрс ус, өөх тос, доорх хүснэгтэд бичигдсэн хүнсийг хязгаарлахыг хичээх хэрэгтэй.
Гэвч чихрийн шижин өвчний үеийн хооллолт нь маш нарийн тооцоололтой байдаг. Жишээ нь өөх тос ихтэй хоол хүнс нь илчлэг ихтэй тул 2-р төрлийн чихрийн шижинтэй өвчтөний жин нэмэх магадлалыг нэмэгдүүлдэг. Нөгөөтээгүүр, эмч нарын үзэж буйгаар өөх тос нь цусан дахь сахарын шингээлтийг хязгаарладаг тул нухсан төмс нь цусан дахь сахарын хэмжээг тосонд шарсан төмснөөс илүү хурдан ихэсгэх болно. Иймд та хоол хүнсийг бэлтгэхдээ эхлээд бодож үзэхэд илүүдэхгүй болов уу.
Мэдээжийн хэрэг, зарим бүтээгдэхүүний хязгаарлалт нь хүний эрхлэх хөдөлмөрийн онцлогоос хамаарах ба жишээ нь та спортоор хичээллэдэг, биеийн хүчний ажил хийдэг бол илүү их нүүрс ус хэрэглэх шаардлагатай юм.
Хүнсний төрөл | Хүнс |
Чихэрлэг хүнс | Элсэн чихэр, зөгийн бал, жимсний чанамал, зайрмаг, сироп, чихэр |
Ногоо | Төмсийг хязгаарлах, лууван, манжин |
Үр тариа | Эрдэнэ шиш, будаа, семолина |
Гурилан бүтээгдэхүүн | Нарийн гурилан бүтээгдэхүүн |
Мах, загас | Хонь, өөх тос ихтэй шарсан мах, өөх тос ихтэй улаан загас |
Шингэн хүнс | Ундаа, хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа |
Жимс | Усан үзэм, тарвас, амтат гуа, чихэрлэг лаазалсан жимс |
Хагас боловсруулсан, түргэн хоол | Лаазалсан бүтээгдэхүүн, бэлэн хоол, зайдас, шарсан төмс г.м. |
Бусад | Даршилсан ногоо, халуун ногоо |
Чихрийн шижин өвчний үеийн хоолны дэглэмийн үр дүн
Хоолны дэглэм нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үед эдгэрэлтэд эерэгээр нөлөөлөх чухал хэсэг, 1-р хэлбэрийн үед хэрэглэх инсулины хэмжээг багасгах боломж юм. Цусан дахь глюкозын хэмжээ огцом унах болон нэмэгдэхээс сэргийлэх нь хоолны дэглэмийн гол зорилго гэж хэлж болно. Эдгээр явцын аль аль нь нойр булчирхайд ачаалал өгөх бөгөөд, биеийн бусад эрхтнүүдэд ч мөн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тогтмол бага хэмжээний хооллолт нь энэхүү асуудлын гол шийдэл бөгөөд өдрийн турш хэрэглэх хүнсийг дор хаяж 5 удаа хооллохоор хуваарилах хэрэгтэй юм.
Чихрийн шижин өвчний хооллолтын үед нүүрс усийг жигд хуваарилах хэрэгтэй бөгөөд үүнийг өвчтөн хариуцсан эмч тодорхойлно. Учир нь өвчний хэлбэр болон явц бүр харилцан адилгүй бөгөөд үүнээс хамаарч хэрэглэх эмийн хэмжээ, эмчилгээ тодорхойлогддог тул өөрт тохирсон хүнсний хэрэглээний нарийн зохицуулалт, хуваарийг та өөрийн эмчтэйгээ заавал зөвлөлдөхийг анхааруулж байна.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай бөгөөд хэрэв байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube