“Google”-д хамгийн их эрэлттэй эрүүл мэндийн 10 асуулт
Бараг хүн бүхэнд цахим орчин нээлттэй байдагтай тул өдөр тутмын амьдралд тулгарах олон асуултын хариултыг олохын тулд “Google” ашигладаг нь нууц биш. Хамгийн түгээмэл асуултууд нь хоолны жор, дасгал хөдөлгөөний заавар, тэр тусмаа эрүүл мэндэд илрэх шинж тэмдэг ба зовуурь зэрэг сэдвүүд багтдаг байна. Эдгээрээс эрүүл мэндийн талаарх асуултын хариултыг баталгаатай эх сурвалжаас олох нь маш хэцүү. Иймд бид хамгийн эрэлттэй эрүүл мэндийн 10 асуулт ба тэдгээрийн хариултыг нэгтгэн та бүхэндээ хүргэж байна.
Даралтаа хэрхэн буулгах вэ?
2018 онд АНУ-ын Зүрхний Ассоциаци, Кардиологийн коллеж болон бусад есөн эрүүл мэндийн судалгааны байгууллагууд хамтран насанд хүрсэн хүний хэвийн болон хэвийн бус цусны даралтын хэмжээг шинэчлэн гаргасан байна. Цусны хэвийн даралтыг доорх хүснэгтээс харна уу.
Цусны даралтын ангилал | Дээд даралт | Доод даралт |
Хэвийн | 120 ба түүнээс доош | 80 ба түүнээс дээш |
Бага зэрэг өөрчлөлттэй | 120-129 | 80 ба түүнээс дээш |
Цусны даралт ихсэлт 1-р шат | 130-139 | 80-89 |
Цусны даралт ихсэлт 2-р шат | 140 ба түүнээс дээш | 90 ба түүнээс дээш |
Цусны даралт ихсэлт | 180 ба түүнээс дээш | 120 ба түүнээс дээш |
Өдрийн туршид тодорхой нөхцөл байдлаас хамааран цусны даралт нь өөрчлөгдөж болох бөгөөд энэ нь тогтмол давтагдахгүй, танд тавгүй мэдрэмж төрүүлэхгүй бол аажмаар хэвэндээ орох боломжтой. Ямар ч тохиолдолд дур мэдэж даралт бууруулах эм хэрэглэж болохгүй гэдгийг анхаарна уу! Учир нь даралт бууруулах, тэнцвэржүүлэх үйлчилгээтэй эмийг тухайн өвчтөний биеийн байдал болон холбогдох бусад нөхцөлийг харгалзан үзэж тогтоодог байна. Хэрэв эрүүл мэндийн асуудлаас, тодруулбал, зүрх судасны тогтолцооны эмгэгээс үүдэн цусны даралт хэлбэлзэж байгаа тохиолдолд мэргэжлийн зүрх судасны эмчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирсон эмийг авч, хэрэглэх нь зүйтэй юм. Ердийн амьдралд цусны даралтаас урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй: жингээ барих, өөрт тохирсон хоолны дэглэмийг тодорхойлох, хорт зуршлаас зайлсхийх, натри ихээр агуулдаг түргэн хоолны хэрэглээг хязгаарлах зэрэг үүнд багтана. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийх, бясалгал хийж тайван байдлаа хадгалах нь таныг аливаа нэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.
Кето дэглэм гэж юу вэ?
Кетоген буюу кето дэглэм нь нүүрс ус багатай, өөх тос ихтэй хоол хүнсийг хэлж буй юм. Энэхүү хоолны дэглэмийг анх хүүхдийн эпилепсийн уналтаас урьдчилан сэргийлэх, чихрийн шижингийн үед мөрдөх хооллолт болгох зорилгоор боловсруулсан байдаг. Харин орчин үед олон хүмүүс жингээ хасахын тулд ашиглах болжээ. Учир нь энэхүү дэглэмд багтах хоол хүнс нь цусан дахь сахарын хэмжээг багасгаж, инсулины ялгаралтыг дэмжиж, биеийн үйл ажиллагааг сэргээж өгдөг байна. Кето дэглэмд дараах хоол хүнсний бүтээгдэхүүнүүд багтана: тахиа, цацагт хяруулын мах, зайдас, хулд ба туна загас, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, өндөг, цөцгий, зарим төрлийн бяслаг, самар ба үр, олив, наргил модны самар, авакадогийн тос, авакадо, нүүрс ус багатай ногоо, улаан лооль, ногоон ногоо, сонгино гэх мэтчилэн. Гэвч энэхүү дэглэмийг хэрэгжүүлж болохгүй эрүүл мэндийн хэд хэдэн заалтууд байдаг тул хэрэв та сонирхож байгаа тохиолдолд хоол зүйч, эмч мэргэжилтнтэй зөвлөөрэй.
Юунаас болж зогьсдог вэ? Хэрхэн зогсохоо болих вэ?
Зогьсох гэдэг нь диафрагмын булчингийн (цээжний хөндийг хэвлийн хөндийгөөс тусгаарладаг булчингийн таславч) агшилт юм. Агшилт үүсэх олон шалтгаан байдаг ч хамгийн нийтлэг тохиолдох нь их хэмжээний хоол идэх, орчны хэм солигдох, стресс юм. Зогьсохоо болихын тулд хэсэг хугацаанд амьсгаагаа түгжих, аяга ус аажмаар уух, хэлээ гаргаж амьсгалах зэрэг аргуудаас туршиж үзэж болно. Удаан хугацаанд тогтмол зогьсох нь ямарваа нэгэн өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул хэрэв байдал дээрдэхгүй бол эмчид хандах зайлшгүй шаардлагатай юм.
Томуу хэр удаан үргэлжилдэг вэ?
Томуу нь хамар, залгиураар дамжих А, В бүлгийн вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Эдгээр бүлгийн вирус нь түрэмгий байдал болон нөхөн үржихүйн өндөр чадвараараа ялгарах бөгөөд халдвар авснаас хэдхэн цагийн дараа вирус нь амьсгалын замын салст бүрхүүлийг гэмтэлд хүргэх, бусад биет нэвтрэхэд хялбар болгодог. Толгой өвдөх, 37.5-39 хэм хүртэл халуурах, булчин, үе мөч өвдөх, сульдах, ханиалгах, хамар битүүрэх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүндрэлгүй тохиолдолд ихэвчлэн 3-7 хоног үргэлжилдэг бөгөөд томуугийн эсрэг вакцинд хамрагдсанаар үргэлжлэх хугацаа, өвчний эрсдэлийг бууруулах зэрэг давуу талтай гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулдаг. Дур мэдэн эмчилгээ хийх нь өвчнийг хүндрүүлэх аюултай тул зайлсхийх нь зөв юм.
Яагаад бөөрний чулуу үүсдэг вэ?
Бөөр нь биед буй химийн олон элементүүдийг урвалд оруулан уусгаж, хорийг цуснаас шүүх үүрэгтэй. Харин бөөрний үйл ажиллагаа суларснаас үүдэн хүнд металлын тунаралт, эрдсийн алдагдлаас үүдэн бөөрний чулуу үүсэх нөхцөл байдал бүрддэг байна. Гол төлөв амьдарч буй орчин, газар зүйн байрлал, буруу хооллолт, тэр дундаа мах, давс, сахарын өндөр хэрэглээ, согтууруулах ундаа зэрэг багтана. Ихэнх тохиолдолд мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд, бөөрөнд үүсэн элсэрхэг бөөгнөрөл нь шээс дамжуулах замаар угаагдан гардаг. Бага зэргийн талстад чулуу шээсээр ялгарах нь чөлөөтэй байх тул зовуурьгүй байна. Харин хэмжээ томтой талстат чулуу нь шээс ялгаралтад саад учруулах тул дараах зовуурь илэрнэ. Тодруулбал, нуруу цавь руу хүчтэй өвдөлт өгөх, шээс цустай гарах, бие чилээрхэж огиулах, цусны даралт унах, шээсний замын халдвар бий болох, халуурах зэрэг багтана.
ХДХВ/ДОХ гэж юу вэ?
Хүний дархлал хомстлын вирус нь дархлааны тогтолцоог дарангуйлснаар бие махбодь аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж дархлалын олдмол хомстол үүсгэдэг эмгэгийг хэлнэ. Энэ нь хамгаалалтгүй бэлгийн харилцаа, халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү, тариур дамжуулан хэрэглэх, халдвартай эхээс хүүхдэд дамжих зэргээр халдварладаг байна. Эрсдэлт бүлэгт бүх насны хүмүүс багтдаг. Илрэх шинж тэмдгийн хувьд хүн бүрд харилцан адилгүй илрэх бөгөөд халдвар авснаас хойш эхний шинж тэмдэгт халуурах, залгиур хоолой хөндүүрлэх, бие дээр улаан толбо үүсэх, өтгөн хатах, хэт хөлрөх, сульдах багтана. Орчин үед дархлаа тогтолцоог хэвийн хадгалахад чиглэсэн эмчилгээ байдаг болсон. Энэ өвчнийг эмчлэхэд хамгийн чухал ач холбогдолтой алхам бол эрт илрүүлэг. Эрт оношилгоо хийж, илрүүлсэн тохиолдолд эмийн эмчилгээ хийж ХДХВ-ын халдварыг хянах боломжтой болох юм.
Хэрхэн холестерины түвшнийг бууруулах вэ?
Холестерин гэдэг нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Өдөрт 300мг-аас дээшгүй холестериныг хоол хүнсээр дамжуулан авах хэрэгтэй байдаг бөгөөд үүнээс давсан тохиолдолд цусан дахь холестерины түвшин нэмэгддэг байна. Ингэснээр энэ нь цусны эргэлтэд, урсгалд саад учруулах, судасны хатуурал үүсгэх ба эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учрах магадлалыг нэмэгдүүлдэг байна. Гол төлөв толгой эргэх, чих шуугих, зүрх дэлсэх, зүрхний ямарваа нэгэн эмгэг үүсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Иймд дур мэдэн эмчилгээ хийж цусан дахь холестерины хэмжээг бууруулах нь эрсдэлтэй байдаг. Үндсэн зөвлөмжийн дагуу эмч нарын зөвлөж буйгаар дараах зүйлсийг хэрэгжүүлж болох юм. Тодруулбал, өөх тосны хэрэглээг багасгах, эрүүл хооллох, хорт зуршлаас ангижрах, спортоор хичээллэх юм. Өөрт тохирсон эмчилгээг та мэргэжлийн эмчид хандан авах шаардлагатай гэдгийг сануулж байна.
Өдөрт хоол хүнсээрээ дамжуулан хэдэн калор авах хэрэгтэй байдаг вэ?
Энэ асуултад тогтсон нэг хариулт өгөх боломжгүй байдаг. Учир нь өдөрт авбал зохистой калорийн хэмжээг тухайн хүний эрүүл мэндийн байдал, биеийн онцлог, нас болон бусад олон хүчин зүйлсээс хамаарч тогтоодог. Дунджаар эмэгтэйчүүд 2000 орчим калор, эрэгтэйчүүд 2500 калор илчлэг хэрэглэх нь тохиромжтой гэж үздэг байна.
Согтууруулах ундаа биед хэр удаан байдаг вэ?
Архи, согтууруулах ундаа хүний биед байх хугацааг нарийн тодорхойлоход хэцүү байдаг. Учир нь энэ хүний биеийн онцлог, нас, бодисын солилцооны түвшин, эрүүл мэндийн байдал, тухайн үед хэрэглэсэн хоол хүнсний хэмжээ, согтууруулах ундааны хэмжээ зэргээс хамаарч тодорхойлогдох юм.
PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Өөрт илрэх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, зөв таних шаардлагатай бөгөөд хэрэв байдал хүндэрсэн тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой:
Facebook , Instagram , Youtube