Умайн салстын үрэвсэл
Умайн салст болон булчингийн эдүүд холбогч эдээр солигдох өвчнийг умайн салстын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед үүссэн холбогч эд нь зузаарсаар сарын тэмдгийн үеэр цус алдах эрсдэлийг дагуулдаг. Умайн салстын үрэвсэлтэй бол сарын тэмдгийн үед хүчтэй өвдөх бөгөөд үр тогтоход хүндрэл учруулах аюултай.
Шалтгаан
- Сарын тэмдгийн хэвийн бус байдал
- Үр хөндөлтийн сорви
- Дархлааны өвчин – Дархлааны системийн алдагдлаас үүдэн умайн салст үрэвссэн байх боломжтой.
- Удамшил (ээж, эгч зэргийн ойрын хамаатан умайн салстын үрэвсэлтэй байх)
- Аарцагны үрэвсэл
Умайн салстын үрэвслийн шинж тэмдгүүд жирэмслэлтийн үеэр намдах магадлалтай бөгөөд цэвэршилтийн дараа зовиур бүр мөсөн арилдаг.
Шинж тэмдэг
Хамгийн эхний шинж тэмдэг нь сарын тэмдгийн үед аарцгаар хүчтэй өвдөлт өгч илэрнэ. Хэдийгээр сарын тэмдгийн үеэр хэвлийгээр өвдөх, базлах нь хэвийн зүйл боловч умайн салстын үрэвсэлтэй бол хэвлий маш хүчтэй өвдөж, хугацаа өнгөрөх тусам улам ихээр өвдөнө.
- Сарын тэмдгийн үеэр өвдөх– Сарын тэмдгээс хэд хоногийн өмнө болон дараа хэвлий нуруугаар өвдсөөр байх болно.
- Бэлгийн хавьталд ороход өвдөх– Бэлгийн хавьталд орох үед эсвэл дараа нь умай өвдөх
- Бие засахад өвдөх– Хөнгөн эсвэл хүндээр бие засахад өвдөлт өгөх, сарын тэмдгийн үеэр илүү хүчтэй өвдөх
- Их хэмжээний цус гарах – Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх эсвэл сарын тэмдэг ирэх болоогүй байхад цус гарах
- Үргүйдэл – Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн умайн салст үрэвссэн байх магадлалтай.
- Ядрах, гүйлгэх, өтгөн хатах, гэдэс дүүрэх, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж болно.
Хүндрэл
- Үргүйдэл – Умайн салстын үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн 1/3 нь үргүй болдог. Үр тогтохын тулд эр бэлгийн эс умайн гуурсаар дамжин өндгөн эсэд хүрэх ёстой. Гэвч салстын үрэвслээс үүдэн эр бэлгийн эс гуурсаар дамжиж чадахгүйд хүрнэ.
- Өндгөвчний хорт хавдар – Ховор боловч өндгөвчний хорт хавдартай болох магадлалтай.
Зөвлөгөө
Сарын тэмдгийн үед мэдрэгдэх өвдөлтийг дараах аргуудаар намдаах боломжтой.
- Бүлээн усанд суух. Буцалгаж хөргөсөн, халуун бүлээн ус бананад хийж 10-15 минут сууснаар өвчин намдана.
- Аарцагны массаж хийх – Орон дээр дээш харж хэвтэн, хэвлийд тос түрхэж гаднаас дотогш чиглэлтэйгээр умайд иллэг хийх. Энэ иллэгийг сарын тэмдгийн үед хийж болохгүй.
- Ибупрофен, напроксен зэрэг эм хэрэглэж өвчин намдаах
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийж байх
- Иогоор хичээллэх
- Анар жимс тогтмол хэрэглэх
- Цагаан гаа: 1 цайны халбагаар 2 аяга усанд хийж 10 минут буцалгаад дээрээс нь 1 цайны халбаг зөгийн бал хийж уух.
Оношилгоо
- Аарцагны үзлэг
- Хэт авиа
- Шулуун гэдэсний үзлэг
- ЭХО оношилгоо
- Анамнез
- Умайн дуран зэргээр үзлэг хийнэ.
Эмчилгээ
Умайн салстын үрэвслийн үед эмэн эмчилгээ болон хагалгаа хийдэг. Өвчин хэр хүндэрснээс хамааран эмчилгээний төрлийг мэргэжлийн эмчтэй ярилцан шийдвэрлэдэг.
Сарын тэмдгийн үеэр хүчтэй өвдөх зовиурын үед өвчин намдаах эм хэрэглэнэ. Мөн сарын тэмдгийн үед дааврын хэмжээ ихэсч цус их гарахад хүргэдэг тул даавар тогтворжуулах эм хэрэглэх боломжтой.
Хэрэв үрэвсэл хүндэрсэн бол мэс заслын аргаар үрэвссэн хэсгийг цэвэрлэх, үүссэн холбогч эдүүдийг авах боломжтой.
Умайн салстын үрэвслээс үүдэн жирэмслэх боломжгүй болсон бол үр шилжүүлэн суулгуулж болдог. Ховор тохиолдолд умайн хүзүү болон өвдгөвчийг мэс заслын аргаар авах шаардлага тулгарна. Энэ хагалгааны дараа жирэмслэх боломжгүй болно.