Арьс арчилгааны үед түгээмэл гаргадаг алдаа
Эмэгтэй бүр өөр өөрийн арьсны онцлогт таарсан арчилгааны дэглэмтэй байдаг. Нэгэнд нь зохисон арчилгааны алхмууд нөгөөд нь таарна гэдгийг батлах боломжгүй юм. Буруу арьс арчилгааны дэглэмийг хэвшүүлснээр арьсны өнгөн давхаргыг гэмтээх, эмзэгшүүлэх, бүтээгдэхүүн хүлээн авах чадваргүй болгох зэрэг эрсдэлтэй. Иймд, хэрэв та арьс арчилгааны түгээмэл алдаа болох дараах үйлдлийг хийдэг бол одооноос зайлсхийх хэрэгтэй болов уу.
Будаг арилгагч/сүүн шингэн байхад усаар дахиж угаах шаардлага байхгүй
Цөөнгүй охид, бүсгүйчүүд будаг арилгагч, сүүн шингэн зэрэг нь нүүрний бохирдлыг хангалттай хэмжээнд арилгадаг гэж үздэг. “Би бага будаг хэрэглэдэг, гэрээсээ гараагүй юм чинь, ус арьс хуурайшуулдаг” зэрэг нийтлэг буруу ойлголтууд байдаг билээ. Ямар ч сайн чанарын будаг арилгагч арьсны бохирдлыг бүрэн арилгадаггүй. Нүүрний цэвэрлэгээг будаг арилгагч/сүүн шингэн болон нүүрний саван гэх хоёр шатлалтайгаар хийж хэвших шаардлагатай. Энэ нь арьсны гүн дэх бохирдлыг арилгаж аливаа нэг асуудлаас хамгаалах юм.
Зөвхөн орой л нүүрээ цэвэрлэхэд ханалттай
Үгүй! Арьс арчилгааг заавал өглөө мөн орой хийх шаардлагатай. Учир нь биднийг унтаж байх хугацаанд тосны булчирхай нь ердийнхөөс их хэмжээний тос ялгаруулдаг бөгөөд энэ нь бактери үржих таатай нөхцөл болж өгдөг. Тиймээс өглөөний цэвэрлэгээ оройныхтой адил чухал бөгөөд бусад арьс арчилгааны бүтээгдэхүүний шингэцийг сайжруулахад чухал нөлөөтэй байдаг байна.
Тоник надад хэрэггүй, би шууд л тосоо түрхчихдэг
Арьс арчилгааны үндсэн алхмуудын нэг бол чийгшүүлэх, тэжээл өгөх юм. Энэ хэсгийн хамгийн эхэнд тоник хэрэглэх нь тохиромжтой. Учир нь тоник арьсны хүчлийн түвшинг тэнцвэржүүлж арьсыг дараа дараагийн алхмуудад бэлтгэнэ. Үүний дараагаар эссенз, серум, ампул зэрэг чийгшүүлэх, тэжээл өгөх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх юм. Өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгохын тулд арьсны төрөл, нас, асуудал зэргийг харгалзаж үзэх шаардлагатай гэдгийг бүү мартаарай.
Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ би өөрөө сонгочихдог
Таны ходоод өвдөхөд та өөрөө “дур мэдээд” эмчилдэггүй шүү дээ. Тиймээс арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгохдоо ч мөн мэргэжилтэнтэй зөвлөж сонгох нь зүйтэй. Үнэхээр л арьсаа хайрлаж, залуугийн дүр төрхөө хадгалж үлдэхийг хүсдэг бол эрсдэлтэй сонголт битгий хийгээрэй. Зарим бүтээгдэхүүн найрлагадаа хэт их химийн нэмэлт орцууд агуулдгаас үүдэлтэй арьсны чийгийг багасгах, үрчлээтүүлэх, үрэвсүүлэх зэрэг хүндрэлүүдийг бий болгох эрсдэлтэй юм. Иймд найрлага, насны заалт, бусад хэрэглэж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй зохицох эсэхийг шалгаарай.
Би арьсны төрлөө “бараг” мэдэх тул заавал эмчид хандах шаардлагагүй
Арьс арчилгааны ямар ч шатны бүтээгдэхүүнийг сонгоход арьсны төрөлд тулгуурладаг. Хэрэв та арьсны төрлөө буруу тодорхойлсон бол хэчнээн сайн, чанартай бүтээгдэхүүн хэрэглэсэн ч арьсыг тань аврахгүй л болов уу? Дух гялалзаад байдаг юм чинь тослог, арьс таталдаад байдаг юм чинь хуурай гэх мэт түгээмэл ташуу ойлголтууд бий. Эдгээр шинж тэмдгүүд нь өөр шалтгаантай байж болох юм. Тухайлбал, тосны булчирхайн хэт идэвхтэй үйл ажиллагаа, түр хугацааны хуурайшилт, таны арьсанд тохироогүй бүтээгдэхүүнээс үүдсэн гэмтэл, эрүүл мэндийн шалтгаан зэрэг багтана. Тиймээс өөрийн арьсны төрлийг тодорхойлохын тулд мэргэжлийн арьсны эмчид хандах шаардлагатай. Улаанбаатар хотод үнэгүй арьсны оношилгоо хийдэг эмнэлгүүд цөөнгүй байдаг.
Тослог, асуудалтай арьстай учраас спиртийн агууламжтай бүтээгдэхүүн ашигладаг
Энэ бол буруу ойлголт. Тослогийг тэнцвэржүүлж, гялайхыг зогсоодог гэж ойлгодог ч үнэндээ арьсны хүчлийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байдаг. Та спиртийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэж тослог багасгах оролдлого хийх тусам тосны булчирхай илүү их тос ялгаруулах болно. Ер нь л спиртийн агууламжтай арьс арчилгааны бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй, учир нь хэрэглэсний дараагаар үрэвслийн дараах толбо удаан хугацаанд үлдээдэг сул талтай.
Чийгшүүлэх ба тэжээл өгөх чинь адилхан ш дээ!
Эдгээр арьс арчилгааны алхмууд нь үнэн хэрэгтээ ондоо юм. Арьс чийгшүүлэх бүтээгдэхүүнүүд эпидермис буюу арьсны өнгөн хэсэгт хүрч үйлчилдэг. Харин тэжээл өгөх бүтээгдэхүүнүүд нь арьсны гүний давхаргууд руу хүрч үйлчилдгээрээ ялгаатай. Хуурай, хүйтэн уур амьсгалтай үед арьсыг чийгшүүлэхээс гадна тэжээл өгөх шаардлагатай. Үүний зэрэгцээ уур амьсгал, насжилт болон бусад хүчин зүйлсээс үүдэж арьсанд тэжээл өгөх хэрэгцээ бий болдог байна. Тиймээс бүх үеүдэд арьсыг хамгаалж, залуу төрхөө хадгалж үлдэхийн тулд чийгшүүлж, тэжээл өгч байх нь зүйтэй.
Скраб тогтмол хэрэглэх нь арьсыг сэргэхэд улам л сайн нөлөө үзүүлдэг
Зарим охид, бүсгүйчүүд скраб болон бусад төрлийн гуужуулагчийг бараг өдөр тутам хэрэглэж арьсаа маш их гэмтээж байгаагаа анзаардаггүй. Өдөр бүр арьсаа гуужуулах нь арьсны өнгөн давхаргыг гэмтээж хэт мэдрэг болгох, үрэвсүүлэх, арьсны өнгө алдах зэрэг эрсдэлд хүргэдэг. Тиймээс хэдэн удаагийн давтамжтай, ямар төрлийн гуужуулагч хэрэглэхийг мэргэжлийн хүнтэй зөвлөх шаардлагатай.
Идэвхтэй найрлагатай бүтээгдэхүүн эрт хэрэглэж эхлэх нь арьсанд сайн нөлөөтэй
Ямар ч чанартай бүтээгдэхүүн арьсны байгалийн үйл ажиллагаа, бодисын солилцоог орлохгүй. Арьс арчилгааны бүх төрлийн бүтээгдэхүүнд насны заалт байдгийг үл тоож яав ч болохгүй шүү, энэ зүгээр л нэг бичээд тавьсан тоо төдий биш юм. “Би одоо 40 гарч байгаа ч хүүхдийн тос миний арьсанд яг таг таардаг” гэх яриа нэг биш сонсож л байсан байх. Эсрэгээрээ улам хөгшрүүлэх явцыг хурдасгаж байдаг. Орчин үед арьс арчилгааны бүтээгдэхүүн дэвшилтэт технологи, ул суурьтай судалгаан дээр тулгуурлах болсон тул, арьсны эрүүл байдлыг хадгалахын тулд өөрийн насны ангилалдаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх нь хэрэгтэй юм шүү.