Гепатит А
Гепатит А вирусээс үүдэн элэгний үйл ажиллагаа алдагдаж үрэвсдэг халдварт өвчин юм.
Вирусийн халдвартай хэн нэгний өтгөнөөр бохирлогдсон бохир гар, ахуйн зам, ус, хоол хүнсээр дамжин хүний биед орж өвчлүүлдэг. Гепатит А-н хөнгөн хэлбэр буюу элэгний эд эс, үйл ажиллагаанд эргэшгүй өөрчлөлт үүсээгүй тохиолдолд эмийн эмчилгээ хийлгэх шаардлагагүйгээр эдгэрэх боломжтой. Гэхдээ вирусийн халдвар авч өвчилсөн хүмүүсийн 20% нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хэрэг гардаг гэсэн тоон судалгаа байдаг.
Арийн цэврийн дэглэм сахих, гараа тогтмол угааж хэвших зэрэг нь халдварт өртөхөөс сэргийлэх хамгийн сайн аргуудын нэг юм.
Өндөр эрсдэл бүхий хүмүүст зориулсан вакцин бас байдаг.
Шалтгаан
Гепатит А нь халдварын шалтгаантай, вирусээр бохирлогдсон зүйлийн өчүүхэн хэсэг залгигдан биед орсноор элэгний эд эсэд байрлан үрэвсүүлдэг. Ингэснээр элэгний үйл ажиллагаа алдагдан шинж тэмдгүүд үүсдэг.
Гепатит А халдварлах замууд:
- Халдвартай хүний бохир гараар дамжин хоол хүнс болон бусад ахуйн зүйлсийг хэрэглэх
- Бохирдсон халдварлагдсан ус уух
- Бохир ус цутгадаг нуур цөөрөм, голд сэлэх, бохирдсон усны түүхий загас идэх
- Вирус тээгчээс халдвар авах (өөрт нь илрэх зовиур шинж тэмдэг байхгүй хүн)
- Вирусийн халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох
Нөлөөлөх хүчин зүйл
Доорх нөхцөлүүд өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Үүнд:
- Гепатит А- өвчлөл өндөртэй бүсэд ажиллах, аялах
- Хүүхэд харах, хүүхэдтэй байнга харьцдаг ажил эрхлэх
- Ижил хүйстэн эрчүүд
- ХДХВ-н халдвартай бол
- Бүлэгнэлтийн факторын эмгэгтэй бол (жишээ нь: Гемофили)
- Хууль бус эм тариа, хар тамхины тарилга хэрэглэх
- Өвчилсөн хүнтэй хамт амьдрах
Зүй бус бэлгийн хавьталд орох
Шинж тэмдэг
Гепатит А-н үед хэдэн долоо хоногоор ч шинж тэмдэг, зовиур илрэхгүй байж болдог.
- Ядарч сульдах
- Дотор муухайрч бөөлжих
- Хэвлийгээр өвдөх, зовиурлах (баруун хавирганы нуман доогуур)
- Өтгөн цайвар шаварлаг болох
- Хоолны дуршил буурах
- Бага хэмтэй халуурах
- Шээсний өнгө харлах
- Үе мөчөөр өвдөх
- Нүд болон арьс салст шарлах
- Суулгах
Хүндрэл
А вирусийн халдвар нь Удаан хугацаанд элгийг гэмтээдэггүй, мөн архаг хэлбэрт шилждэггүй онцлогтой. Цөөн тохиолдолд гэнэт элэгний цочмог дутагдал үүсдэг. Энэ нь ихэвчлэн өндөр настай эсвэл элэгний архаг хууч өвчтэй хүмүүст тохиолддог ба заавал эмчилгээ хийлгэн хяналтад орох шаардлагатай.
Элэгний цочмог дутагдал нь элэг шилжүүлэн суулгахад хүргэх аюултай.
Урьдчилан сэргийлэлт
- Гараа тогтмол угааж хэвших
- Буцлаагүй ус уухгүй байх
- Бохирдсон эд зүйлсийг буцалгах, ууранд жигнэх, 1% хлорамины уусмалаар ариутгах
Вакцин нь халдвараас хамгаална. Вакциныг 2 тунгаар өгөх ба эхний тунгаас 6 сарын дараа хоёрдох тун өгнө. Доорх хүмүүсийг вакцинд хамруулах шаардлагатай. Үүнд:
- 1 нас 2 сартай бүх хүүхдүүдэд, эсвэл 1 нас 2сартайд вакцинд хамрагдаагүй бүх хүүхдүүдэд
- Лабораторийн бүх ажилчид
- Ижил хүйстэн залуучууд
- Элэгний архаг өвчтэй хүмүүс
- Бүлэгнэлтийн факторын эмгэгтэй, эмчилгээ хийгдэж буй хүмүүс
- Өндөр эрсдэлтэй эсвэл өвчлөл өндөртэй бүс нутагт аялж, ажиллах гэж буй хүмүүс
Эмчилгээ
Бие махбод нь вирусийг өөрөө устгадаг. Элгэнд үүссэн гэмтлүүд хагас жилийн дотор бүрэн эдгэрдэг. Гепатит А-н үед гол эмчилгээ нь шинж тэмдгийн эсрэг чиглэсэн байдаг.
- Амралт
Элэгний үрэвслийн үед маш их энерги алдаж ядарч сульдах болон бие зовиурлах шинж илэрдэг тул сайн амрах хэрэгтэй. Хэвтрийн дэглэм сахих нь тун чухал.
- Дотор муухайралтыг намдаах
Хүнсний нэр төрлийг олшруулах хэрэглэх хэрэгтэй. Цадталаа идэхээсээ илүүтэйгээр ойр ойрхон хөнгөн хооллохыг хичээ.
Хангалттай энерги авахын тулд илчлэг өндөртэй хоол хүнс идэх хэрэгтэй.
Ус уухынхаа оронд сүү эсвэл жүүс уу.
- Элгийг амраа
Элэг өвчилсөн үедээ эм болон алкоголийн төрлийн бодисыг шүүхэд бэрхшээлтэй болдог. Тиймээс өөрийн хэрэглэдэг эм болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эмчтэй ярилцаж байж хэрэглэх эсэхээ шийдээрэй.
Гэрийн нөхцөлд авах арга хэмжээ
- Бэлгийн идэвхтэй амьдралаас татгалз
Хэдийгээр бэлгэвч хэрэглэж болох ч таны хамтрагчийг хамгаалахгүй бөгөөд түүнд халдвар дамжуулах магадлалтай.
- Бие зассан бол гараа заавал угааж хэвш
- Идэж буй хоол хүнсний зүйлээ бусадтай хувааж, дамжуулж идэхгүй байх