Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Балнад буюу Гэдэсний хижиг өвчин

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Халдварлах зам Шинж тэмдэг Оношилгоо Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Эмчилгээ

Балнад нь сальмонелла типириум бактериар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. Нарийн гэдэсний тунгалгийн тогтолцоо эмгэгшиж, цус нянгаар халдварлан халуурч, бие махбодын ерөнхий хордлогоор илэрдэг цочмог халдварт өвчин юм.

Сальмонелла бактери нь амаар залгигдан нарийн гэдсэнд байрлаж 1-3 долоо хоногийн хугацаанд өсч үржиж байдаг. Уг бактери ус болон хуурай газар 7 хоног амьдрах чадвартай бол хүний цус, нарийн гэдэс нь амьдрах таатай орчин болдог. Үүний дараа нарийн гэдэс болон цусны урсгал руу нэвтэрч, цусны цагаан эсээр тээвэрлүүлэн ясны чөмөг болон бусад эрхтэн рүү ордог. Улмаар дархлааны эсийн дотор орох бөгөөд ингэсэн тохиолдолд бүрэн устгагддаггүй байна.

Халдварлах зам

Халдварын эх уурхай нь өвчтэй хүн, нян тээгчид юм. Өвчтөн болон халдвар тээгчдийн өтгөн ба шээсээр бохирлогдсон хүнсний зүйл болон усаар дамжина.

Халдвар гол төлөв өтгөн-мөр-амны замаар дамжих боловч ахуйн хавьтлын замаар ч дамжих боломжтой.

Архаг нян тээгчид, ялангуяа сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд нян тээгч болж халдвар тараах эрсдэл өндөр байдаг.

Зонхилон 15-45 насны, эрэгтэй хүмүүст, зун намрын улиралд өвчлөл тохиолдох магадлалтай.

Нянгийн халдвар авсан хүмүүсийн 3-5 хувь нь цочмог хэлбэрээр өвчилдөг.  Эмчилгээ хийлгэж буй өвчтөний 25 тохиолдлын 1,  харин эмчилгээ хийлгээгүй 4 тохиолдол бүрийн 1 нь үхэлд хүрдэг аюултай өвчин юм.  Өвдсөний дараа тогтвортой дархлаа үлддэг.

Нянгийн амьдрах чадвар

  • Балнад нь 56 хэмд 45-60 минут буцалгахад үхдэг.
  • Гадна орчинд тэсвэртэй нян тээгчийн баас, шээсээр бохирлогдсон хөрсөнд 3 сар
  • Тос, бяслаг, талх, маханд 1-3 сар
  • Усанд хэдэн 7 хоног
  • Жимс ногоонд 5-10 хоног амьдрах чадвартай.

Шинж тэмдэг

Нууц үед: 5-аас дээш хоногийн турш шалтгаангүйгээр халуурах, суулгах эсвэл өтгөн хатах шинж тэмдэг илэрнэ.

Өвчний эхэн үед: Халууралт нэмэгдэж, биеийн байдал дордох, халуурах үедээ хөлрөхгүй, чичрэхгүй байх, халуун бууруулах эм хэрэглэхэд халуун хэвийн хэмжээнд хүртэл буурахгүй байх, толгой өвдөх, хоолой торох, үе үе ханиах, өдөрт 1-2 удаа шингэн зүйлээр суулгах, эсвэл өтгөн хатах шинж тэмдэг ажиглагдана.

Өвчний ид үед: 7-14 хоног үргэлжилнэ. Халууралт нэмэгдэж, хордлогын шинжүүд(толгой өвдөх, сульдах, хоолны дуршилгүй болох) улам тодрох, царай цонхийж, арьс халуун болох ба хуурайшина.

Өвчний 8-12 дахь хоногт  арьсны гадаргаас дээш төвийсөн 4-6 мм голчтой, дарахад арилдаг ягаавтар өнгөтэй тууралт цээж, хэвлий, бугалганы доод хэсгээр цөөн тоотой гарч, 3-4 хоногийн дараа ул мөргүй арилах, гарын алга, хөлийн улны өнгө шар болох, хэл хөөн бамбайж шүдний ором гарах, хэвлий дүүрэнг, хэвлийгээр базалж өвдөх шинж тэмдэг илэрнэ.

Хэрэв эмчилгээ хийлгэхгүй удвал бүдүүн гэдэс цоорч хэвлийн гялтан хальсны үрэвсэл үүсэх ба үхэлд хүргэх аюултай.

Оношилгоо

Балнадыг оношлохын тулд цус, өтгөн, шээс болон ясны чөмгөнд нян илрүүлэх шинжилгээ хийдэг. Мөн цусны ерөнхий шинжилгээ болон ийлдэс судлалын шинжилгээ авна.

Сүүлийн 28 хоногийн дотор балнадаар өвчилсөн болон нян тээгчтэй хамт байсан эсэх, удаан хугацаагаар халуурч байгаа хүнтэй хамт байсан эсэх, тухайн орон нутагт балнад өвчин голомтлон гардаг эсэх, тухайн орон нутагт ундны усны хүрэлцээ, хангамж дутмаг эсэх, түүхий ус уудаг эсэхийг асууж тодруулна.

Хүндрэл

Антибиотик эмчилгээ хийлгээгүй үед нас баралтын түвшин 20 хувьтай байдаг. Үхэлд хүргэж буй шалтгаанууд нь:

  • Хавсарсан халдварууд
  • Уушгины хатгалгаа
  • Хоол боловсруулах замын цус алдалтууд
  • Хоол боловсруулах замын эрхтний цооролт
  • Гэдэсний түгжрэл
  • Элэг дэлүү томрох

Урьдчилан сэргийлэлт

Хэрэв оршин суугаа газарт тань Балнад өвчний тохиолдол олон гарч байгаа бол ундны усыг цэвэршүүлж, заавал буцалгаж хэрэглэх, ариун цэврийн дэглэмийг чанд сахих хэрэгтэй.

Хэрэв аялал болон томилолтоор их явдаг бол дараах дүрмийг хэвшүүлээрэй.

  • Савласан ус хэрэглэх
  • Ундны усыг 1 минутаас дээш хугацаагаар буцалгаж хэрэглэх
  • Хэн нэгний идэж буй зүйл болон хоол хүнсийг гараар дамжуулан хэрэглэхгүй байх
  • Гудамжинд буюу ил задгай худалдаалдаг шууд хэрэглэх хүнсний зүйлсээс татгалзах
  • Уух зүйлд мөс хийхгүй байх
  • Шинэхэн халуун хоол идэх
  • Өвчлөл өндөртэй бүс нутаг руу явахын өмнө вакцинд хамрагдах.

Вакциныг амаар болон тарилга хэлбэрээр хийнэ.

Амаар: Аялалд явахаас 1 долоо хоногийн өмнө хэрэглэж дууссан байх ёстой. Вакцин уусан хүмүүсийн 20 хүн тутмын нэгд нь халуурах, толгой өвдөх, зарим хүнд ходоод өвдөх, бөөлжих, дотор муухайрах, арьсанд дээр тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрдэг.

Тарилга: Аялалд явахаас 2 долоо хоногийн өмнө хамрагдана. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 100 хүн тутмын нэгд нь халууралт, 30 хүн тутмын нэгд нь толгой өвдөх, 15 хүн тутмын нэгд нь тариулсан хэсэгт улайж хавдах зэрэг гаж нөлөө ажиглагддаг.

Вакцины 2 төрлөөс амаар уух хэлбэр нь илүү үр дүнтэй бөгөөд 3 жилийн хугацаанд балнад өвчний халдвараас 73% хамгаалах чадвартай байдаг.

Эмчилгээ

Зөвхөн антибиотик эмчилгээ нөлөөлнө. Ихэвчлэн ципрофлоксацин ба цефтриаксон сонгож хэрэглэдэг. Мэргэжлийн эмчид үзүүлж тохирсон антибиотик эмчилгээ хийлгэсний дүнд 1-2 өдөрт биеийн байдал сайжрах ба 7-10 өдөрт бүрэн эдгэрдэг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бөөлжих, Гүйлгэх, Өндөр халуурах, Өтгөн хатах, Суулгах, Толгой өвдөх, Тууралт гарах, Ухаан балартах, Хоолны дуршил буурах, Хэвлийгээр өвдөх, Хэл цагаан өнгөртэй болох, Ядрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Гепатит А Д витамины дутагдал
Scroll to top